Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л амьд үлдэхийн тулд байгалийн сорилт бүхэнд дасан зохицож, суралцсаар ирсэн. Тухайлбал хоол олохын тулд ан агнах, хоолоо илүү боловсруулж идэхийн тулд гал гаргах гэх мэт. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр илүү сайжирч, илүү боловсронгуй болсоор өнөөдөр бид хиймэл оюун гэх зүйлийг нээж өөрсдийн амьдралдаа ашиглах боллоо. Өнөөдөр бид үүнийг амьдралын өдөр тутмын хэрэгцээнд мэдээлэл авахын тулд ашиглаж байгаа ч цаашид илүү өндөр түвшинд, бидний төсөөлж ч чадахгүй түвшинд ашиглахыг үгүйсгэх аргагүй билээ. Нэгэнт ийм бол бид суралцахаа зогсоох цаг болсон гэжүү? суралцах шаардлага байхгүй болсон гэж үү? Энэ асуултыг олон хүмүүс асууж магадгүй зарим нь тиймээ одоо суралцах шаардлагагүй бид хиймэл оюунаас асуугаад мэдмээр байгаа зүйлийнхээ хариултыг олчихож болно шүү дээ гэж хариулах байх.
Суралцана гэдэг нь зөвхөн хичээл ном, шалгалт өгч дүн авах, эсвэл гэрчилгээ, диплом авах тухайд биш билээ. Бид хүссэн хүсээгүй аливаа зүйлийг суралцаж л байдаг. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эхлэн энэ хорвоог орхих хүртэлээ суралцсаар байдаг. Бид юу сурснаа ухамсарлахгүй байсан ч ямар нэгэн мэдээлэл бидний тархинд орж энэ хэрэгтэй, энэ хэрэггүй гэсэн ойлголтийг өгч, тэдний тусламжтайгаар бид өөрсдийн амьдралдаа шийдвэр гарган өөрийнхөө байж чадах хамгийн зөвөөрөө энэ хорвоог туулдаг.
Боловсрол гэдэг бол зөвхөн сургуулиар дамжин олгогддог зүйл биш, зөвхөн диплом, гэрчилгээгээр хэмжигддэг зүйл бүр ч биш билээ. Энэ бол хүний амьдралын туршид олгогддог өргөн хүрээний ойлголт. Бид ихэнхдээ боловсролыг албан боловсрол (formal education) гэж ойлгодог. Албан боловсрол бол зарим хүнд ирээдүйн боломж, хүсээгүй амьдралаас нь гаргах эрх чөлөөний хаалга байхад, зарим хүмүүст энэ нь дарамт, шахалт, зовлон мэт санагддаг. Яагаад зарим хүмүүст энэ нь дарамт болж байна вэ гэхээр нэг талаас тэр хүмүүс юуны тулд суралцаж байгаагаа бүрэн ухамсарлаагүй, тэднийг зайлшгүй сургуульд сурах ёстой гээд албадчихсан мөн яагаад суралцаж байгаа хэрэгцээ нь тодорхойгүй байна гэсэн үг. Нөгөө талаас бидний сургалтын систем хэт хайрцаглагдсан, бүтээлч сэтгэлгээг боймлосон байдаг нь хэвийн уйтгартай, суралцах сонирхол төрүүлдэггүй байх боломжтой. Одоо хиймэл оюунаар бүх мэдээллийг олж авах боломжтой үед бид суралцах шаардлагатай юу гэсэн асуултаа дахин авч үзье. Миний бодлоор дэлхийн хүмүүс 2 төрөлд хуваагдаж болно. Өөрөөр хэлбэл өөрсдийн оюун ухааныг илүү хөгжүүлж, хиймэл оюуныг удирдан ажиллах, зөв бурууг ялган таних өөрийн гэсэн ухамсартай хүмүүс. Нөгөө хэсэг нь системтэй суралцахыг зогсоож хиймэл оюуны тусламжтай мэдээллээр амьдрах. Яг энэ төсөөллөөр авч үзвэл хиймэл оюунаар дамжуулан зарим хүмүүс (суралцахыг хүсэлгүй хиймэл оюунд найдагсад)-г удирдах боломжтой юм. Хиймэл оюун нэгэнт л хүнээр бүтээгдэж байгаа учраас тэд ямар мэдээллээр хангах, ямар мэдээлэл рүү массыг чиглүүлэхээ сонгоно гэсэн үг. Өнөөдөр сошиал медиаг ашиглан ямар ч хүнийг бурхан мэт харагдуулж, ямар ч хүнийг чөтгөр мэт харагдуулж болж байгааг бид харж байна. Хэрэв суралцахын оронд хиймэл оюунаар удирдуулвал хүмүүсийг удирдахад улам л амар хялбар болно гэсэн үг. Тиймээс бид илүү сайн суралцаж, илүү хөгжиж, хиймэл оюуныг өөрсдийн тархийг хөгжүүлэх, суралцах нэгэн хэрэгсэл болгон ашиглах нь бидний зорилго юм. Суралцахаа хэзээ ч бүү зогсоо!