Хүүхэд төрсний дараа хамгийн эхлээд гарч буй сүүг колострум (Colostrum) гэж нэрлэх бөгөөд энэ нь таны хүүхдэд хамгийн чухал. Үүнээс хойш 3 дахь өдөрт таны хөх сүүгээр дүүрч маш их сүүтэй болно. Сүүний гарц ихэнхдээ хүүхэд хэр олон давталттай хөхөж байгаагаас хамаардаг учраас хэр олон удаа хөхнө тэр хэмжээгээр илүү их сүү ялгаруулна.
Хэрэв туршлагагүй ээж бол хүүхдээ амлуулахдаа сувилагчаар туслуулан зөв амлуулах нь чухал. (Би эхний 3 өдөр хүүхдээ хөхүүлэх бүртээ хөхний зөвлөх дуудаж байсан. Өөрөө үнэхээр чадахгүй байсан учраас) Хүүхэд эхний хэдэн өдөр их унтамхай байдаг. Хүүхдийн ходоод эхний үедээ маш жижиг байдаг учраас хүүхдээ ойр ойрхон хооллох шаардлагатай. Хөхүүлж эхлэх үед цангах, нойрмоглох, умай бага зэрэг базлах зэрэг шинжүүд илэрч болно. Хүүхэд төрснөөс эхний 3-4 долоо хоногт буюу хүүхдээ хөхөө сайн хөхөж суртал нь угж хөхүүлэхээс зайлсхийх хэрэгтэй учир нь угж хөхөх нь амны өөр үйл ажиллагаа байдаг. Иймээс хөхөө хэвийн хөхөхөд саад учруулах эрсдэлтэй. (Энэ үед зайлшгүй угж хөхүүлэх шаардлагатай болвол хөхний болон нэмэлт сүүг өгөхдөө хүүхдэдээ чигчий хуруугаа хөхүүлээд завжаар нь шприцээр сүүгээ бага багаар хийнэ).
3-4 долоо хоногийн дараагаас хэрэв хүүхдээ нэмэлт сүүнд оруулахаар шийдсэн бол угжиж эхэлж болно. Хэрэв хүүхэд чинь хөхөж чадахгүй бол (ихэнхдээ хөхний толгой сайн гараагүй үед хэт их сүү орсон хөхийг нярай хүүхэд хөхөж чадахгүй) угжиж болно.
Хөхний сүүг саагаад тасалгааны температурт 4 цаг хүртэл, хөргөгчид 4 хоног хүртэл хоног, хөлдөөгчинд 6 сар хүртэл хадгалж болно. Гэхдээ шаардлагатай бол 12 сар хүртэл хадгалсан сүүг зөвшөөрдөг. Хөлдөөгчинд хадгалахдаа зориулалтын уутанд хийж он сар өдрөө тодорхой бичих хэрэгтэй. Хөлдөөсөн сүүг гэсгээхдээ бүлээн усанд хийж эсвэл крантны бүлээн ус гоожуулж эсвэл хөргөгчинд хийж гэсгээж болно харин богино долгионы зууханд гэсгээж болохгүй. Гэсгээсэн сүүгээ 2 цагийн дотор хэрэглэж дуусахгүй бол шууд хаях хэрэгтэй. Дахин хөлдөөж огт болохгүй.
Нярай хүүхдийг хооллох шаардлагатай болсныг илтгэх шинжүүд:
- Гараа атгах
- Гараа амандаа хийх
- Уруулаа долоох
- Хөл, гараа хөдөлгөх
- Хөхөө хайн толгойгоо эргүүлэх
- Амаараа чимээ гаргах
- Уйлах
Сүү хүүхдэд хангалттай байгааг хэрхэн мэдэх вэ?
Хөхөөр хооллож байгаа үед хэр хэмжээний сүү хөхснийг мэдэх боломжгүй боловч ээжийн талаас хөх нь чинэрсэн байж байгаад хөхүүлсний дараа суларч байх. Хөхүүлэх хооронд хөх чинэрч, хатуурч байх.
Хүүхдэд илрэх шинжүүд нь:
- 24 цагийн дотор 6 болон түүнээс олон нойтон живх солих
- Хүүхэд хооллолтын хооронд тайван унтах
- Бүдүүн гэдэсний хөдөлгөөн өдөрт 2-оос илүү сонсогдох
- Жин нэмэх
Эдгээр шинжүүд илэрч байвал хүүхэд сүүндээ цадаж байгааг илтгэнэ. Хэрэв хүүхэд чинь хөхний сүүндээ хангалттай цадаж байвал нэмэлт сүү болон ус өгөх хэрэггүй. Харин хөхний сүүндээ цадахгүй байвал нэмэлт тэжээлийг эмчийн заавраар хэрэглээрэй.