“Хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй” гэж хүн бүрийн суралцах хэв маяг, аливаа зүйлийг ойлгох чадвар харилцан адилгүй. Үнэндээ сайн суралцагч, муу суралцагч гэж байх ёсгүй. Ердөө л суралцах хэв маягаа олоогүй суралцагч амжилттай суралцаж чаддаггүй.
Өөрийнхөө хэрхэн суралцах хэв маягаа мэдэх нь амжилттай суралцах үндэс юм. Өөрийн суралцах хэв маягаа ойлгож авснаар:
- Илүү үр дүнтэй суралцана: өөрт тохирсон суралцах аргыг ашигласнаар мэдээллийг илүү хурдан, хялбар хүлээж авах, суралцах явцыг хурдасгах, дүнгээ сайжруулахаас гадна, сургуулийн амьдралыг илүү утга төгөлдөр болгоно. Шинэ даалгавар, асуудалтай тулгарахад тухайн зүйлийг өөрийн сурах арга барилд тохируулан жижиг алхмуудад хувааж сурах нь илүү үр дүнтэй байдаг. Жишээлбэл, эссэг судалгаа хийх, ойлгох, бичих гэсэн гурван үе шат болгон хувааж, эдгээрийг өөрийн сурах хэв маягт нийцүүлж болно.
- Өөрийн суралцах орчоо зөв сонгоно: Өөртөө юу хамгийн тохиромжтойг ойлгож, суралцах орчноо түүндээ тохируулан өөрчлөх боломжтой. Тухайлбал: хэрхэн хичээлээ давтахаа шийдвэрлэх: анги хамт олон, найзуудтайгаа хамтран хичээл, шалгалтандаа бэлдэх үү? эсвэл ганцаараа суралцах уу, номын санд сууж хичээллэх үү? гэртээ суралцах уу? чимээтэй орчин хэрэгтэй юу? нам гүм орчин уу гэх мэт. Өөрийн суралцах хэв маягаа мэдснээр өөртөө тохирох сургалтын аргазүйг олж, өөртөө тохируулан суралцана. Унших, бичих хэлбэрээр үр дүнтэй суралцдаг суралцагч лекцээс мэдлэг олж авахад хүндрэлтэй байх болно. Тэгвэл тухайн суралцагч өөрийн үр дүнтэй суралцах арга нь унших, бичих гэдгийг мэдэж байгаа учраас лекцийг бичиж авч дахин сонсонгоо дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх замаар илүү сайн ойлгож, мэдээллийг тогтоох боломжтой юм.
- Өөрийгөө илүү сайн ойлгоно: Суралцах хэв маягаа таньж мэдэх нь зөвхөн хичээлдээ сайн суралцахад бус, өөрийгөө илүү сайн ойлгоход тусалдаг. Сургуульд сурах нь амжилттай карьерын үндэс төдийгүй энэ хугацаанд хүн өөрийнхөө давуу болон сул талыг танин мэдэх үе юм. Өөрийн суралцах хэв маягаа мэдэх нь өмнө нь яагаад хичнээн хугацаа зарцуулан байж бэлдсэн ч шалгалтандаа санасандаа хүртэл үнэлэгээ авч чадаагүй, гүйцэтгэл муутай байсан шалтгаанаа ойлгохох болно. Ингэснээр өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмжийг даван туулж, ирээдүйн ажил мэргэжилдээ илүү бэлтгэлтэй, урам зоригтой хандахад туслана. Өөрийн суралцах хамгийн сайн арга барилаа ойлгохоос гадна, сул талуудаа мэддэг байх нь өөрөө чадвар юм. Ингэснээр хүн амьдралын бэрхшээлийг өөрийн арга барилд тохируулан даван туулах урам зориг, итгэл олж авдаг.
- Ирээдүйн мэргэжил, ажлаа зөв сонгоно: Хэрэв та өөрийн сурах хэв маягаа мэддэг бол, таны ажиллахад хамгийн тохиромжтой ажил ямар байхыг мэдэх болно. Жишээлбэл, хэрэв та кинестетик (хөдөлгөөнөөр сурдаг) хүн бол практик, гараар ажилладаг чиглэл илүү тохирох болно. Өөрт тохирох ажил мэргэжлийг ойлгох нь буруу чиглэл сонгохоос сэргийлэх, өөрийн чадварт нийцсэн замыг сонгоход тусална.
- Сайн хамтрагч болно: Сургуульд ч бай, ажил дээр ч бай, бид бусадтай хамтран ажиллах шаардлагатай болдог. Хүн бүр өөр өөрөөр суралцдаг тул өөрийнхөө суралцах хэв маягийг ойлгох нь багтаа ямар чиглэлд илүү хувь нэмэр оруулж чадахаа мэддэг. Тухайлбал, багийн ажил хийх үед өөрийгөө ямар төрлийн үүргийг хамгийн сайн гүйцэтгэхээ мэднэ гэсэн үг. Мөн өөрийнхөө сул талыг ойлгож, багийн ажилд тэнцвэртэй оролцох боломжийг бүрдүүлдэг.
2 minutes
