“Мэдлэг бол хүч” гэдэг үг зүгээр нэг уриа биш — энэ бол амьдралд биднийг чөлөөлж, өөрчлөх хүчтэй зэвсэг юм. Суралцах гэдэг нь бидэнд олдож буй хамгийн тэгш боломжуудын нэг. Чи хаана төрсөн, ямар сургуульд сурсан, гэр бүл чинь ямар байсан нь хамаагүй. Хүн бүрт нээлттэй, үнэгүй, хязгааргүй нөөц бол мэдлэг. Суралцах чадвар л биднийг нөхцөл байдлаасаа хамааралгүйгээр хөгжүүлж, ирээдүйгээ өөрөө бүтээх боломжийг олгодог.
Хүн амьдралын ямар ч төвөгтэй, хүнд нөхцөлд орсон бай түүнийг өөрчилж чадах хүч бол зөвхөн боловсрол. Суралцах гэдэг бол амьдралын намаг балчгаас ч биднийг гаргаж чадах аврах хөндлөгүүр юм. Амьдрал заримдаа бидний бодож байгаа шиг амархан биш. Тэр дундаа өнөө үед Монголын дундаж амьдрал харьцангуй сайжраад залуус өөрсдийн хүсэл, өөрсдийн мэдрэмжээ ойлгож, өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг болсон цагт системтэй мэдлэг боловсрол олох болон тогтвортой ажиллах нь нэлээд асуудал болж байх шиг байна. Хэрэв хүн бүр өөрсдийн дотоод траумагаа хэт дөвийлгөн гомдоллоод ирвэл суралцах боломжгүй. Яагаад гэвэл суралцана гэдэг нь заавал хөдөлмөр шаардана. Дэлхийн хамгийн агуу багшаар хичээл заалгасан ч чи давтахгүй бол ямарч мэдээллийг өөртөө эрдэм болгож авч чадахгүй. Оюун ухааны олимпиадын аваргууд багш нараараа аргуудыг заалгаж байгаа ч түүний цаана маш олон цагийн давталт хөдөлмөр байгаа. Зүгээр л ямар арга вэ гэдгийг заалгаад сурчихдаг зүйл биш. Бид Хатанбатар багшийг ярихаар ямар гоё юм нээрээ амархан байна гэх мэтчилэн ярьдаг ч яг өөрөө хийх гэвэл маш хэцүү. Тиймээс олон цагийн хөдөлмөр, давталт зайлшгүй хэрэгтэй. Бид хаана төрөхөө сонгож чадахгүй тиймээс заримдаа шударга бус ч санагдаж магадгүй. Гэвч чи ямар амьдралыг хүсч байна, түүнийгээ бүтээх цорын ганц, хамгийн найдвартай зам бол суралцах, боловсрох, хөдөлмөрлөх юм. Үүнийг аз туршилт биш, баталгаатай зам гэж би ойлгодог.
Суралцахаас зугтах ямар ч арга байхгүй. Өнөөдрийн өөрийгөө өчигдрийн өөрөөсөө илүү болгох хамгийн энгийн, хамгийн чухал алхам бол суралцах. Хэрвээ чи амьдралдаа бодит өөрчлөлт хүсч байгаа бол түүний эхлэл нь чиний гарт байгаа — Суралц.
Манай гэр бүлд нэгэн онцлог журам байсан — хэрвээ чи ном уншиж, хичээлээ хийж байвал ажлаас чөлөөлөгдөнө. Хэн ч чамд саад болохгүй. Малчны амьдралд хийх ажил дуусдаггүй. Аргал, түлээ түүх, мал услах, малд явах гэх мэт дуусашгүй төдийгүй хүүхэд гэлтгүй хүн бүр өөр өөрийн үүрэгтэй. Чи хүүхэд байлаа гээд ажлаас чөлөөлөгдөнө гэж байхгүй. Гэвч бидний аав ээж мэдлэг, боловсролыг бүхнээс эхэнд тавьж хамгийн чухал зүйл гэдгийг ойлгуулсан юм. Хэрэв чи хичээлээ хийж байвал эсвэл ном уншиж байвал хэн ч чамайг саатуулахгүй, хичээл хийгээгүй байгаа хүн илүү ажил хийнэ. Энэ бол миний амьдралд хамгийн их тус болсон зүйл. Би маш залхуу, биеийн хүчний ажил, малчны ажилд эв дүй муу. Юу ч хийсэн алдаа гаргана. Нэг удаа хонь хариулаад өдөржингөө хониныхоо хажууд өнжсөн ч орой гэртээ ирэхдээ өөрийнхөө хонины хагасыг таслаад алдчихсан айлын хоньтой нийлүүлээд туугаад ирсэн. Үүнийг ямар тэнэг бүтэлгүй зүйл гэдгийг малчны амьдрал ойлгодог хүн үнэхээр ойлгоно. Аав ээж хоёр шоолоод инээж байж билээ. Би харин өөртөө гутраад уйлсан. Тийм болохоор би залхуураад гэртээ ном уншаад суучихдаг байсан. Тэр нь эргээд намайг суралцахад дуртай болгосон юм. Хүн бүрт хобби байдаг. Би өөрийгөө хоббигүй хүн гэж боддог байсан ч одоо бодоход би суралцах хоббитой хүн юм билээ лдээ. Хүүхдээ хараад гэртээ байгаа энэ үедээ л ойлгож байгаа юм.
Суралцах гэдэг бол халшраад байх хүнд хөдөлмөр биш. Харин ч чамд хүссэн газраа хүрэх хаалга, хүслийг чинь биелүүлэх түлхүүр, ирээдүйд итгэх найдвар юм.